
Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил синтетик алмазын үйлдвэрлэлийг эрс тэлж, уламжлалт алмазын зах зээлийг өөрчилж байна. 2025 онд синтетик алмазын бөөний үнэ жилийн дүнгээр 26%, 2026 оны I улиралд дахин 14% буурчээ. Улмаар энэ оны II улиралд ч үнэ нь үргэлжлэн 13% буурсан байна.
💍 Синтетик алмазын цохилт
Синтетик алмаз илүү хямд болсон нь жинхэнэ байгалийн алмазын салбар хүчтэй цохилт болсон. 1888 онд Өмнөд Африкт байгуулагдсан, дэлхийн хамгийн нөлөө бүхий алмазын компаниудын нэг болох De Beers 2025 онд синтетик алмазын нийлүүлэлт нэмэгдэж, хэрэглэгчдийн сонголт өөрчлөгдсөн нь байгалийн алмазын үнэ болон эрэлтийн төлөвт сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрснөөр компанийн үнэлгээ $2.3 тэрбумаар хорогдсон аж.
💎 “Ховор” гэдэг шинэ маркетинг
Ийм нөхцөлд De Beers маркетингийн стратегиа байгалийн алмазын ховор, байгалийн гарал, олон тэрбум жилийн түүх дээр төвлөрүүлж байна. Тус компани өнгөрсөн оны сүүлээр “Desert Diamonds” кампанит ажил буюу байгалийн, тэр дундаа өнгөт алмазыг моодонд оруулах кампанит ажил эхлүүлсэн бөгөөд үүний улмаас Америкийн бие даасан үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн байгалийн алмазын борлуулалт 2025 оны IV улиралд 4%, 2026 оны I улиралд 9% өсжээ. Өнгөний хувьд K-Z ангиллын буюу шар, бор өнгөтэй алмазын борлуулалт бүр илүү өсөж, тус хугацаанд 15% болон 19% өссөн байна.
🔹🔸 Хоёр өөр зах зээл рүү
Ингэснээр алмазын салбарын өрсөлдөөн зөвхөн “аль нь хямд вэ?” гэсэн асуултаар хязгаарлагдахаа больж байгаа гэнэ. Синтетик алмаз үнэ, хүртээмжээрээ масс зах зээлд тэлэхийн зэрэгцээ олборлогчид байгалийн чулууг ховор, гарал үүсэлтэй, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн болгон ялгаруулахыг зорьж байна. De Beers ч 2026 онд маркетингийн стратегиа эрчимжүүлж, байгалийн алмазын эрэлтийг сэргээхэд анхаарч буйгаа мэдээлжээ.
Эцэст нь... Ирээдүйн гол асуулт нь алмаз хэр үнэтэй байх вэ гэдэг бус, хэрэглэгч байгальд тэрбум жил бий болсон ховор чулуунд илүү үнэ төлөхөд бэлэн хэвээр байх уу гэдэгт оршиж байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.