
Well-being буюу сайн сайхан байдал хэмээх ойлголт сүүлийн жилүүдэд дэлхий даяар яригдах болсон. Гэхдээ энэ ойлголт зөвхөн “аз жаргалтай байна уу?” гэсэн асуултаар хязгаарлагдахгүй.
Сэтгэл зүй, бие махбод, санхүү, ажил хөдөлмөр, нийгмийн харилцаа, хүрээлэн буй орчин гээд хүний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг олон хүчин зүйл нийлж сайн сайхан байдлыг бүрдүүлдэг. Тэгвэл нэг сонирхолтой асуулт гарч ирнэ.
Монгол хүний сайн сайхан байдал өнөөдөр ямар түвшинд байна вэ?
Энэ асуултад бодит өгөгдөлд тулгуурлан хариулахын тулд Оптимал Эн Макс ХХК нь “Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа”-г үндэсний хэмжээнд хэрэгжүүлжээ.
Судалгаагаар Монгол хүний сайн сайхан байдлыг 8 хүчин зүйлээр тодорхойлон хэмжсэн бөгөөд үр дүнд сайн сайхан байдлыг зөвхөн хувь хүний түвшинд бус, байгууллага, нийгэм, бодлогын орчинтой нь уялдуулан авч үзэх шаардлагатайг онцолсон байна. Тэгвэл нөхцөл байдлаа хэмжээд тодорхойлчихлоо.
Үүнээс цааш яах вэ?
Чухам энэ асуултын хүрээнд Оптимал Эн Макс ХХК нь олон улсын төлөөллүүд болон салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүдийг нэгэн дээвэр дор цуглуулж, Монгол хүний сайн сайхан байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдэл, боломжийг хамтдаа хэлэлцэх “Well-Being Mongolia Forum 2026” арга хэмжээг 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Форумын үеэр үндэсний судалгааны дэлгэрэнгүй үр дүнг танилцуулж, Монгол хүний сайн сайхан байдлын өнөөгийн дүр зургийг бодит өгөгдөлд тулгуурлан авч үзнэ. Үүгээр зогсохгүй дотоод, гадаадын мэргэжилтнүүд олон улсын туршлага, сайн жишээг хуваалцаж, хүн төвтэй бодлого, манлайлал, нийгмийн энтерпрайз, эерэг нөлөө бүхий бизнес болон сайн сайхан байдлыг дэмжих шийдлүүдийг хэлэлцэх юм.
Өөрөөр хэлбэл, “Бид өнөөдөр ямар нөхцөл байдалд байна вэ?” гэдгийг тодорхойлоод зогсохгүй, “Эндээс цааш хэн, юуг өөрчлөх вэ? Ямар шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх вэ?” гэсэн дараагийн асуултуудад төвлөрнө.

Нэг өдрийн форумаас урт хугацааны өөрчлөлт рүү
Зохион байгуулагчдын хувьд “Well-Being Mongolia Forum 2026”-ыг нэг өдрийн арга хэмжээгээр хязгаарлах бус, сайн сайхан байдлын талаарх нэгдсэн ойлголт бий болгож, байгууллага, нийгэм, бодлогын түвшинд энэ асуудлыг илүү системтэй авч үзэх эхлэл болгохоор зорьж байна.
Учир нь хүний сайн сайхан байдал нь зөвхөн хувь хүний асуудал биш. Хүн хэр сайн амьдарч байна вэ гэдэг нь байгууллага, нийгэм, бодлого хэр зөв ажиллаж байгааг илэрхийлэх бодит хэмжүүр юм.
Эх сурвалж: Оптимал Эн Макс ХХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.