
Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны хөгжлийн суурь болох математик боловсролыг дэмжих хүрээнд MCS Group-ийн MCS AI Lab нь Монголын Математикийн Олимпиадын Хороотой хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын олимпиадад өрсөлдөх чадварыг системтэйгээр нэмэгдүүлэх, Монгол сурагчдын олон улсын түвшний амжилтыг урт хугацаанд ахиулах зорилгоор хот, хөдөөгийн багш нарын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, багш нарын мэдлэг солилцоо, хамтын хөгжлийн орчныг бүрдүүлэх, сурагчдын гүнзгийрүүлсэн мэдлэг, логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэх, өндөр ур чадвартай сурагчид илүү олноор төлөвшихөд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин ажиллана.
Мөн олимпиадад оролцох сурагчдын бэлтгэл сургуулилт, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хүүхдүүдэд олон улсын түвшний хөгжлийн боломжийг илүү тэгш хүргэхэд анхаарч ажиллах юм.

Дэлхийн олон оронд технологийн компаниуд математик болон STEM боловсролыг дэмжихийг ирээдүйн инновац, технологийн хүний нөөцөд оруулж буй стратегийн хөрөнгө оруулалт гэж үздэг. Энэхүү хамтын ажиллагаа нь боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахаас гадна ирээдүйн инженер, математикч, дата шинжээч, AI судлаачдын суурь чадамжийг хөгжүүлэхэд урт хугацааны ач холбогдолтой юм.
MCS AI Lab нь цаашид боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, хүүхэд залуусын мэдлэг, бүтээлч сэтгэлгээ, олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачилгуудыг тогтвортой хэрэгжүүлэн ажиллах болно.
Эх сурвалж: MCS AI Lab
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.