Өнөөдөр Дэлхийн эмч нарын баярын өдөр. Бид уг өдрийг тохиолдуулан Монголд анх удаа “Үр хөврөлийн генетикийн шинжилгээ” буюу NGS технологийг нэвтрүүлсэн Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Цогзолмаатай ярилцлаа.
Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Би 1998 онд Анагаах ухааны их сургуулийг төгсөж, эх барих, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, үр шилжүүлэн суулгах ажилбараар мэргэшсэн. Эрүүл мэндийн салбарт 24 жил ажиллаж байгаагаас нөхөн үржихүйн эмчээр 14 дэх жилдээ ажиллаж байна. 2010 оноос Өөжинмедийг байгуулах төсөлд нэгдэж энэ чиглэлээр мэргэшин, 2015 оноос нөхөн үржихүйн эмчээр тасралтгүй ажиллаж байна.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээг зөвхөн үргүйдэлтэй хүмүүс л хийлгэдэг гэх буруу ойлголт хүмүүсийн дунд нийтлэг байдаг шүү дээ. Тиймээс та үр шилжүүлэн суулгах эмчилгээг ямар хүмүүс хийлгэх хэрэгтэй байдаг болон хэзээ үр шилжүүлэн суулгах төвд хандах ёстой тухай хэлж өгнө үү.
Хосууд 1 ба түүнээс дээш жилийн хугацаанд жирэмснээс хамгаалах арга хэрэгсэлгүй бэлгийн харьцаатай байгаад ч жирэмслэхгүй байгаа тохиолдолд үргүйдэл гэж үздэг. Эхний ээлжид хосууд манай төвд үргүйдлийн шалтгаанаа тодруулах зорилгоор үзлэг шинжилгээнд хамрагдаж цаашлаад оношинд нь тохирсон эмчилгээний төлөвлөгөөг гаргадаг.
Олон улсад үр шилжүүлэн суулгах эмчилгээний амжилттай жирэмслэлтийн хувь 30-40% байдаг ч сүүлийн үед эмчилгээний дэвшилтэт технологийн ачаар нэмэгдэх боломжтой болсон. Манай эмчилгээний хувьд 2023 онд жирэмслэлтийн хувь дунджаар 70% амжилттай байсан. Амжилтын хувь нь мэдээж тухайн хосын нас, үргүйдлийн оношоос шууд хамаардаг.
Ирэх жил Өөжинмедийн 10 жилийн ой тохионо. Энэ хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хэрхэн тэлсэн тухай?
Монголд үр шилжүүлэн суулгах чиглэлийн эмнэлэг анх 2012 онд байгуулагдсан. Өөжинмедийн хувьд 2015 оноос нөхөн үржихүйн чиглэлээр дагнасан үйлчилгээг үзүүлж, Японы байгалийн мөчлөгт, зөөлөн сэдээлтийн аргаар үр шилжүүлэн суулгадаг эмчилгээний технологийг Монголд нутагшуулаад 9 дэх жил рүүгээ орж байна. Өөрөөр хэлбэл, жирэмслэхээр төлөвлөж эхэлсэн цагаас эхлээд эхийн хэвлийд амжилттай ураг бүрэлдэх хүртэлх бүхий л цогц оношлогоо, эмчилгээг хийдэг гэж ойлгож болно.
Бидний ашиглаж буй Япон эмчилгээний технологийн онцлог нь эм тарианы зардал харьцангуй бага. Мөн хэт сэдээлтийн хам шинж үүсэх эрсдэл бага байдаг. Хамгийн гол нь энэ нь үйлчлүүлэгчид аюул, зардал бага, өндөр үр дүнтэй эмчилгээний арга юм.
Зөөлөн сэдээлтийн арга нь уламжлалт үр шилжүүлэн суулгах аргаас 8-9 дахин бага тунтай эмийн бодисоор өндгөвчний сэдээлтийг хийдэг бөгөөд орчин үед дэлхий нийт энэ эмчилгээний арга руу чиглэж байгаа. 2015 оноос хойш манай эмнэлгийн тусламжтай 1,500 гаруй хүүхэд эсэн мэнд хорвоод мэндэлсэн байна.
Тэгэхээр уламжлалт үр шилжүүлэн суулгах эмчилгээний зардлаас илүү хямд гэж ойлгож болох уу?
Болно. Зардал багатай, дээр нь илүү аюулгүй, ямар нэгэн эрсдэлгүй эмчилгээний аргад тооцогддог. Өмнө хэлсэнчлэн зөөлөн сэдээлтийн аргын тусламжтайгаар жирэмслэлтийн хувийг 50-80% хүртэл нэмэгдүүлэх боломжтой байдаг.
Өнгөрсөн онд та бүхэн Индонезид анхны салбараа нээсэн. Яагаад энэ улсыг сонгох болсон бэ? Бид өнгөрсөн 11-р сард Индонезэд шинэ салбараа байгуулсан. Одоо үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Индонезийг сонгох болсон шалтгаан нь:
Ер нь дэлхийд зөөлөн сэдээлтийн аргаар мэргэшсэн эмнэлгүүд цөөхөн байдаг. Харин бидний хувьд 9 дэх жилдээ зөвхөн зөөлөн сэдээлтийн аргаар үр дүн гаргаад өндөр жирэмслэлтийн хувьтай ажиллаж байна. Индонезид хэдийгээр олон үр шилжүүлэн суулгах эмнэлэг байдаг ч Өөжинмед бол чанар стандартын хувьд онцгойрох боломжтой. Бид цаашид Индонез дахь салбарын туршлага дээр үндэслэн шинэ салбараа Зүүн Өмнөд Азийн орнуудад байгуулахаар төлөвлөж байгаа. Эхнээсээ саналууд ирсээр байгаа.
Мөн та бүхэн ирэх жил Монголын анхны нөхөн үржихүйн цогцолбор төвийг нээхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай?
Нөхөн үржихүйн цогцолборын хувьд ирэх жил Өөжинмедийн 10 жилийн ой тохиох үеэр эмнэлгийн үйлчилгээгээ илүү өргөжүүлэх, түүнчлэн Монголд анх удаа хиймэл оюун ухаант (AI) үр хөврөлийн лабораторитой нөхөн үржихүйн цогцолбор эмнэлгийг байгуулахаар ажиллаж байгаа юм. Үр хөврөлийн лаборатори томорсноор нөхөн үржихүйн салбарын дэлхий дахинд хэрэглэгдэж буй бүхий л дэвшилтэт эмчилгээ, үйлчилгээг Монголд хөгжүүлэх боломж бүрдэнэ.
Хиймэл оюун ухаант лабораторитой болсноор одоо байгаа ямар үйлчилгээг хэрхэн сайжруулах боломжтой болох вэ?
Олон улсын стандартад нийцсэн буюу ариун лаборатори Монголд зөвхөн манай эмнэлэгт л байдаг. Энэ нь лабораторийн агаарын чанараас эхлээд чийгшил, дулаан зэрэг дотоод орчин нь хүний биеийн дотоод орчинтой дөхүү байх шаардлагатай байдаг юм. Бусад төвүүдэд өрөөн дотор төхөөрөмж тавиад түүндээ үр хөврөлийн ажилбарууд хийдэг бол манайх лабораторийн өрөө нь тэр чигтээ дээрх төхөөрөмжтэй адилхан байх зохион байгуулалттайгаар шийдсэн. Мөн эмбрологичид үр хөврөлийг миксроскопоор харж тухайн үр хөврөлийн зэргийг үнэлдэг байсан бол орчин үед хиймэл оюун ухааны тусламжтайгаар дата, мэдээлэлд тулгуурлан “Тухайн үр хөврөлийг шилжүүлэн суулгахад жирэмслэх магадлал нь хэд байх вэ?” гэх дүн шинжилгээг хийнэ гэсэн үг.
Саяхан Англи, Австрали улсад 3 эцэг, эхтэй хүүхэд буюу митохондрийн шилжүүлэн суулгалт гэх эмчилгээг хуулиараа хүлээн зөвшөөрсөн. Энэ эмчилгээг бидний хамтран ажилладаг “Товако” группийн Америк дахь салбар эмнэлэгт хийж байгаа. Бид ч мөн нөхөн үржихүйн цогцолбор төвдөө тус үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаар судалж байна. Одоо бол орон зай, талбайн хувьд л бага зэргийн асуудал үүсээд байгаа юм.
Түүнчлэн Хятад, Буриад, Орос, Казахстан, Туркээс ч манайхыг зорин ирж эмчлүүлдэг хүмүүс бий. Товчоор бол монголчууд гадагшаа явж эмчилгээ авдаг биш эсрэгээрээ Монголд ирж өндөр зэрэглэлийн эмчилгээ, үйлчилгээ авах боломжтой болгох нь бидний гол зорилт. Манай эмнэлгийн давуу тал нь эмчилгээний технологиос гадна эмч мэргэжилтнүүд маань бүгд Японд мэргэшдэг. Мэргэшихээс гадна тэндээ шалгалт өгөөд тэнцээд сертификатаа авч байж манайд эмчилгээ хийх эрхтэй болдог.
Тэгэхээр нэг ёсондоо Өөжинмедэд ажиллана гэдэг нь Япон явна аа л гэсэн үг байх нь ээ?
Тийм ээ. Бүр зайлшгүй шаардлагатай.
Монголчуудын бараг 90% нь үр шилжүүлэн суулгах эмчилгээнд орохоор Өмнөд Солонгос, Тайланд зэрэг улс руу явдаг байсан. Одоо бол бараг эсрэгээрээ болчихсон. Учир нь дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг лабораторийн орчин, Япон улсад дадлагажаад, мэргэшээд ирсэн эмч, мэргэжилтнүүд өндөр үр дүнтэй үр шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд хийж байгаа нь энэ чиглэлээр гадагшаа чиглэсэн урсгалыг тодорхой хувиар багасгаж байгаа гэж бодож байна. Үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь эмнэлэгтээ 1,2 удаа очоод л болчихдог зүйл биш. Багадаа 1 сарын хугацаанд эхнэр, нөхөр хоёулаа тухайн улсад амьдрах ёстой бөгөөд дахин, дахин үзүүлэх шаардлагатай байдаг. Өмнөд Солонгост л гэхэд дунджаар $7,000-8,000-ын зардал гардаг гэж сонссон. Харин Монголдоо дэлхийн хэмжээний эмчилгээг авах боломж байгаа нь төдий хэмжээний мөнгө Монголд үлдэж байгаа гэсэн үг.
Эцэст нь уншигчдад маань хандан зөвлөгөө болон анхаарч байгаарай гэх захих зүйлс байвал хуваалцана уу?
Хүмүүсийн дундах нийтлэг ойлголт бол үр шилжүүлэн суулгах төв гэхээр зөвхөн үргүйдэлтэй хүн л ханддаг гэх буруу ойлголт байдаг. Гэтэл үгүй шүү дээ. Эхлээд тухайн хүний жирэмслэхэд бэлдэх бүхий л оношлогоо, эмчилгээнүүд манай дээр хийгдэнэ. Иймээс жирэмслэхээр төлөвлөөд хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол нөхөн үржихүйн эмч болон төвүүдэд хандаарай гэж зөвлөмөөр байна.
Мөн сүүлийн үед үргүйдлийн давтамж ихсэх болсон шалтгаанууд нь хожуу гэрлэлт, хожуу төрөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдийн сонголт олширсонтой холбоотой. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь илүү сайжрахын хэрээр гэр бүлийн асуудлыг хойш тавьж байна. Гэхдээ үүнийг буруутгаж болохгүй. Эмэгтэй хүн төрөхдөө л байгалиасаа тодорхой тооны өндгөн эсийн нөөцтэй төрдөг. Тиймээс аль болох залуудаа өндгөвчний нөөцөө тодорхойлуулаад, өндгөн эсээ, эсвэл хосууд үр хөврөлөө хадгалуулах боломжтой гэдгийг онцолмоор байна. Ингэснээр ирээдүйд учирч болох үргүйдлийн эрсдэлийг багасгах, карьер болон гэр бүл төлөвлөлтөө тэнцвэртэй авч явах бүрэн боломжтой.
Цаг гарган ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.