Өнгөрсөн онд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар (ҮХХ) ганхаж, эдийн засаг нь арайчүү 5.2% өссөн. Улмаар тэд эдийн засгаа сэргээхээр өмнө нь байгаагүйгээрээ гаднын хөрөнгө оруулагчдад найр тавихаас эхлээд олон бодлого хэрэгжүүлэх болов. Үүнтэй холбоотойгоор бодлогын өөрчлөлт ч хийж байгаа гэнэ. Ямар?
Эдийн засгийн өсөлтийг услах 3 салбар
Том зураглалаар бол Хятадын хүн амын хөгшрөлт, бүтээмжийн уналтаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт урт хугацаандаа удаашрах төлөвтэй байгаа тул ЗГ-аас технологийн салбаруудыг тордож, болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр чармайж буй. Ингэхдээ цахилгаан автомашин, дэвшилтэт технологи, цэвэр эрчим хүчний салбаруудыг анхаарах юм.
Сүүлийн буюу цэвэр эрчим хүчний салбарт Хятад илүү олон салхин болон нарны станцуудыг барьж ирэх 5 жилд жил бүр $85-$90 тэрбумыг зарцуулах төлөвтэй байна. ОУ-ын эрчим хүчний агентлагаас ч Хятадыг энэ онд 2030 оны зорилтоо бараг л биелүүлэхээр байна гээд байгаа.
Эцэст нь… Хятад эдгээр салбаруудыг дэмжихдээ хахаж цацтал нь мөнгө чихээд байлгүй татаас, урамшуулал олгох замаар дэмжинэ гэнэ ээ. Moody’s-с ч төрийн хэт оролцоо тогтворгүй байдлыг үүсгэх эрсдэлтэйн сацуу тус шилжилт богино хугацаанд Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашруулах эрсдэлтэй хэмээн улаан карт өргөв. Гэхдээ Хятад хэдийнээ тус салбаруудад дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц байр суурьтай байгаа гэхээр нөхцөл байдал хаашаа ч хэлбийхээр байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.